Sunday, March 26, 2017

Эргэцүүлэл

  Дэлхий дээр нийт долоон тэрбум хүн амьдардаг. Долоон тэрбум хүн багаар бодоход л хоёр эсвэл гурван хувь нь гаднах төрхөөрөө төстэй байдаг. Тэд өөрсдийгөө мэдэлгүй ондоо тивд амьдарч байж ч магад, гэхдээ зөвхөн гаднах төрхөөрөө л юм. Харин хүний хэзээ ч давтагдашгүй цорын ганц зүйл нь юу гээч ? дотоод мөн чанар. Яг юу мөрөөдөөд, юуны төлөө, хэн гэдэг хүн яваад байгаа гэдгээ хааяа ч өөрөө ойлгохгүй үе тохиолддог. Хүн өрөөлийн ааш зан үйлдлийг хянадаг хирнээ өөрийнхийгөө тэр бүрчлэн анзаардаггүй. Хүмүүсийн хийсэн алдааг шүүмжилдэг ч гэлээ, өрөөлд гаргасан санамсаргүй буруу үйлдлээ мэдэхгүй үе ч бий. Зарим тохиолдолд буруу үйлдлээ хүлээн зөвшөөрөлгүй өмөөрнө. Хүн төгс байдаггүй хойно алдаанаасаа суралцаж л явна.
  Би гэдэг хүн өөрийнхөөрөө хэт туйлшрамтгай болж хувирдгаа анзаарлаа. Хэрэв нэг л хийе гэсэн зүйлдээ төвлөрвөл эцсийг нь үзэж байж л санаа минь аварна. Өөрийнхөө хийе гэж зорьсон зүйлдээ тууштай байх нь буруу зөвийг шүүж хэлж мэдэхгүй ч, хааяа энэ зүйлийг амар хялбар аргаар хийж яагаад болдоггүй юм бол ? гэсэн асуулт гарч ирдэг. Гэхдээ бурхнаас өгсөн өгөгдөл гэдэг шиг хүний хэзээ ч өөрчилж чадахгүй нэг тийм зүйл байх шиг. Хэт хичээснээсээ болж яг чухал өдрөө хэнэггүй үйлдэл хйих үе ч цөөнгүй. Тухайн үед өөрөөсөө илүү өрөөлд алдааг тохох гэдэг ч өөрийн бурууг багахан ч гэсэн дотроо ухамсарлана. Харин алдаагаа ахиж давтахгүйг л хичээнэ. Амьдралын багш байхгүйгээс хойш алдаж эндэхийг урдаас хэлж зааварладаг бол хүний амьдрал сонирхолгүй.
  Би алдаж дараа нь түүнээсээ суралцаж, төгс хүн биш гэдэгтээ баярладаг. Учир нь ахиц дэвшилийг хийж чадаж байгаа хүн л аз жаргалыг мэдэрнэ. Өөрийгөө хэзээ хойно нь ийм зүйл дээр өмнө яаж байлаа, харин энэ удаад чи давж чадлаа гэж хэлэхэд битүүхэндээ аз жаргалыг мэдэрдэг. Сэтгэлийн хөдлөлтэй гэхэд ч болох юм. Дээр дурьдсанчлан, гаднах байдлаараа адил төстэй хүн дэлхийн аль нэг тивд амьдарч байгаа. Тэд нараас ялгарах онцлог минь зөвхөн өөрийнхөөрөө байж, өөрийгөө хэт хайрладагт оршино. Би бусадтай адилхан байх албагүй. Бусад хүн гурвалжин дүрсийг харж байхад та дөрвөлжин болгож харж байвал хэзээ ч өөрийгөө бусадтай адилхан болгох гэж хичээх ч хэрэггүй. Яагаад гэж үү ? тэр чинь л жинхэнэ мөн чанар, бодгал мөн. Өөрийнхөө мөн чанарыг хүлээн зөвшөөрөлгүй, алдаа бүхнээ гоочлоод суувал хэн ч таныг олж мэдэхгүй. Гаргасан алдаа, төгс хүн биш гэдгээ хүлээн зөвшөөрдөг учир би өөрийгөө цаашид хичээх хэрэгтэй гэдгээ мэдэж зүгээр суухаас өөрт дутуу зүйлээ хөгжүүлэх нь чухал юм. Хүн заавал чаддаг байхдаа бус, чадах гэж хичээж хөдөлмөрлөж байж л тухайн зүйлийнхээ мөн чанарыг ойлгоно.
  Яг л чи чадна гэвэл чиний зөв чи чадна, чи чадахгүй гэсэн ч чиний зөв чи чадахгүй гэдэг шиг бүрэн гүйцэт өөрийгөө таньж мэдээгүй ч танихын төлөө цаашид хөдөлмөрлөх би өөрөө мөн чанар билээ.

No comments:

Post a Comment

"Сарнайн хүүхдүүд" тэмдэглэл

Гэрэл зургийг ойлгоно гэдэг нэг төрлийн их мэдрэмж шаарддаг гэлтэй. Зүгээр хараад өнгөрөх төдийд хэдэн дүрс мэт боловч сайтар ажиглавал цаад...